Tuesday, August 24, 2010

Д.Бямбадорж: Цайлган сэтгэлтэй хүн өөрөө өөрийгөө ариусгаад сайн явдаг

 Уншигч Та зайран Д.Бямбадоржийг морин хуур татаж, дуулж байхыг нь харсан уу. Шүлэг уншихаараа хөглөгдөөд хачин сайхан дуулдаг юм билээ.
…Тэнгэр мөрлөсөн Сутай минь
Тэртээ холдоо харагдана даа
Тэнд л байгаа хоёр буурайдаа
Тэврүүлж золгоод уулзана даа
Эргээд ирэхэд энх л байгаарай
Энэ л янзаараа мөнх л байгаарай…гээд л уяртал дуулдгийг ярилцлага хийх явцдаа мэдэж авсандаа олзуурхлаа.
Дуучин Т.Баясгалангийн дуулдаг “Хоёр буурайдаа” хэмээх энэ сайхан дууны үгийг тэрбээр тэрлэгсэн төдийгүй “Сутай ээж”, “Дарвидаг хээр” зэрэг олон дуутай.
Ингээд Мөнхтэнгэр судлалын дэлхийн академийн хүндэт доктор, бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн, зайран, яруу найрагч Д.БЯМБАДОРЖТОЙ хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэе.


-Сайхан өвөлжиж байна уу. Уран бүтээлийн олз их үү?
-Сайхан өвөлжиж байна. Одоо “Мөнхтэнгэрийн шашин бөө мөргөл” хэмээх номоо дөрөв дэх удаагаа хэвлэхэд бэлэн болголоо. Хэвлэх болгондоо өөрийн санаа бодол болон яруу найргийн бүтээлээ нэмж оруулдаг. Жил бүр 1500 хувь хэвлэгдээд тухайн жилдээ дуусдаг. Миний номонд бөө мөргөлийн шашны тухай түүхийг өгүүлсэн сонирхолтой баримтууд багтсан. Бөөгийн дуудлагаар, бөөгийн хэллэгээр бичигдсэн болохоор хүмүүсийн сонирхлыг нэлээд татдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ номоо монгол бөө, тэнгэрийн улаач, зараалын үйлийг г.үйцэтгэж 99 тэнгэрийг онгодоороо дуудан бичсэн. Тухайлбал, мөнхтэнгэрийн сан, залбирал, 99 тэнгэрийн дуудлага, долоон өвгөний тахилга, Бурхан халдун хайрхны тэнгэрийн овооны дуудлага зэрэг мөнхтэнгэрийн буултын учрыг тайлбарлан таниулахад чиглэсэн.
Мөнхтэнгэр тайх тахилгын учир архи, идээ, амттан дээжээ хэрхэн өргөх, ямар ном уншлагатай, ёс жаягтай байдаг талаар өгүүлсэн. Эх дэлхийгээ авран хамгаалах, хойч үедээ сүслэн үлдээх, бөө мөргөл, мөнх тэнгэрээ дээдлэн шүтэж, хорт муу зүйлд автахгүй, төр улсаа ариунаар авч явахыг туйлын чанд бодол болгох учрыг уламжлуулан ойлгуулах зорилгоор мөхөс миний бие энэ. номоо тэрлэсэн гэж ойлгож болно.

-Бөө хүн өөрийгөө мөхөс нэгэн гэж хэлж болдог юм уу. Ер нь бөө гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
-”Домогшил” гэж шүлгэндээ бөөгийн мөн чанарын талаар тодорхой бичсэн байгаа. Уншиж өгөх үү?
-Тэг л дээ?
-…Дэлхий ээж дээлээ өмсөж
Дээд тэнгэрт гоёлоо үзүүлж
Түмэн бодис нартад баясаж
Төрсөн бие тэнгэрт мөргөж байхад
Бөө бөөлж байсан
Бөөрөнхий хэнгэрэг ээ дэлдэж байсан… гэж бөөгийн омогшлын талаар дуулан өгүүлсэн. Хамгийн сүүлд,
…Омогширч явсан хөх Монголын удам
Догширч үлдсэн нууц товчоогоо залж
Авъяасаараа дахин дэлхийд гайхуулах
Алтан боломж, энэ зууны босгон дээр
Бөө бөөлж байсан
Бөөрөнхий хэнгэрэг ээ дэлдэж байсан…гээд дуусч байгаа.

-Цагийн цагт бөө хүн амьдарч байжээ гэдэг нь шүлгээс тань харагдаж байна. Харин Та шүлгээрээ өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ?
-Би-Уулс харуулдах цармын
Хараа тэлэх тэртээ
Усан болор гялалзах
Ноёлог сарьдагийн орчин
Урьд эртний домог
Торгон замын бэлчирт
Уг барьсан бөөгийн
Онгодын нэгэн гялбаа
Би-Сүлдний ширхэг хялгас
Сүнсний нэгэн амь
Сүмийн ордос хэлтэрхий
Сүүний ариун дусал аа… гэж яруу найргийн тансаг мөрүүдээр өөрийгөө тодорхойлсон юм байна.

-Хоёулаа хэтэрхий их шүлэг уншчихлаа?
-Тэглээ. Яруу найргийн тухай яриа өрнүүлэх дуртай. Засал хийлгэхээр ирсэн хүмүүсээ орхиод тухайн хүнтэй хэдэн ч цагаар хамаагүй яриа өрнүүлдэг. Нэг удаа яруу найргийн тухай баахан бурчихаад дараагийн хүнтэй уулзтал З.Дорж яруу найрагч байсан. “Миний үгийг сонссон байх даа” гээд хачин ихээр зовсон. Гэтэл тэрбээр өмнөөс, “Таны шүлгийг сонслоо. Сэтгэлд хүрсэн шүү” гэж хэлсэн. Үзүүлэхээр ирсэн дараагийн хүн хэн байгааг мэдэхгүй яруу найраг яривал салахаа мэддэггүй зантай. Яруу найраг ярьж, шүлэг уншихаар бодол санаа сэргээд нэг л сайхан болдог юм.

-Яруу найргийн наадмуудад оролцож байв уу?
-”Мөнгөн цом” яруу найргийн наадамд шүлгээ уншиж байсан. Тус наадмаас тусгай байрын шагнал хүртсэнээс гадна “Мөнхтэнгэр шашин бөө мөргөл” ном маань шилдэг номоор шалгарч байлаа. Яруу найргийн наадамд оролцохоор хүмүүс “Зайрантан оролцож байна” гээд сүйд болдог. Гэхдээ тайзан дээр гараад шүлэг уншихаар сандраад хамаг бие чичрээд байдаг болохоор наадмуудад оролцъё гэж нэг их зорьдоггүй.

-Монголчуудын уламжлалт баяр цагаан cap болоход хэдхэн хоног үлдлээ. Жил бүрийн цагаан сараар зурхайчид золгох өдөр буруу энэ тэр гэж маргадаг. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-”Монгол ухаан” шүлгэндээ зурхайчдын талаар тодорхой бичсэн. Хэдэн жил бодож байж бичсэн шүлэг л дээ. Ийм, тийм зурхай гээд зурхайчид маргах нь сүүлийн үед олширчээ. Монгол зурхайг хэл, хөлд орсон цагаасаа эхэлж заалгасан. Нууцгүй хэлэхэд, монголчууд маань энэ талаар туйлширч байна. Цагаан cap болохоор өдөр судрын талаар маргаж ном судар эргүүлж, хаялцсан хүмүүс байх юм. Мөр гаргана гэдэг угтаа хүний болоод малын мөр биш. Энэ нь төөргийн мөр юм.
Төөргийн мөрийг монголчууд дээр үеэс дээд овоонд мөргөх уламжлалаар гаргаж байсан. Нар битүү очоод нар гарахаар ариун тансаг агаартай, эрчим энерги сайтай уулан дээр гараад идээ будаа, сүүгээ өргөдөг заншилтай. Түүнээс биш Тасганы овооны архичид цугладаг газар овоо тахиад мөргөдөггүй юм. Сайн морь, машинаа унаад, сайхан хувцсаараа гоёж наран ээжтэйгээ золгодог. Төөрөг заяагаа даатгаж дараа жилийн өдий хүртэл төрлөөрөө төвшин, элгээрээ энх амгалан байлгаарай гэж гуйж мөргөхөд тухайн хүний заяа тэгширдэг. Наран ээж байж амьтан, ургамал бүх юм амьд оршиж байдаг.
Наран ээж тэтгэж байна гэсэн үг. Хэрэв харанхуй болбол тарвага гэлтгүй хүн ч нүхний амьтан болно. Тиймээс наранд мөргөөд дараа нь бурхан тахилдаа зул хүжээ барьж, аав, ээждээ золгодог. Ийм зан заншилтай байсан шүү дээ, бид. Түүнээс биш ийшээ гурав, тийшээ дөрөв харайж, шүдэнз зур, ус цац гэсэн юм байдаггүй. Үүнийг мунхруулга гэх нь хаашаа юм, туйлшрал гэх үү дээ. Уг нь монгол зан заншлаа сэргээж авч явах ёстойсон.

-Хэрэв Та бөө болоогүй байсан бол өдийд юу хийгээд явж байх байсан бол?
-Политехникум төгссөн механикч хүн л дээ, би. Энэ ажлаа хийгээд мөрөөрөө явж байх байсан болов уу. Ардчиллын буянаар бөө болоод явж байна. Миний урьд төрөлд бөө байсан. Банчиндорж гэж миний ээжийн хамгийн бага дүү бороо оруулж, мэргэ төлөг буулгадаг далдын шидтэй хүн байсан гэдэг.

-Та наадамд зодоглож байв уу?
-Манайх бөхийн удамтай. Улсын начин Дүүгүүр Мөнхтогтох, Лхагвасүрэн нар манай удмынх. Манайхан бодийн бяртай хүмүүс байсан гэдэг. Ээж маань ч бас тэнхээтэй. Ээжээс манайд хэр бяртай хүмүүс байв гэж асуухаар, ” Хэн мэдэх вэ, тэр үед тэнхээтэй хүмүүс байсан л байх. Бөөгнөрч, инээлдээд сарлаг өргөөд л зогч байдаг юм” гэж хэнэг ч үгүй хэлж байсан нь санагдаж байна. Тэгэхээр тэр үед бяртангууд их байжээ. Миний хувьд сумын наадамд зодоглож давдаг байлаа. Гэхдээ нэг их зодоглоогүй ээ.

-Таныг дуулахаас гадна хөгжим тоглож, зураг сайн зурдаг гэж сонссон?
-Онгод орсон үед их л мэдрэмтгий болчихдог. Оюуны болоод сэтгэлийн мэдрэмжтэй болчихдог юм. Бөө хүн ийм байдаг юм уу бүү мэд. Юмыг ойлгохдоо сайн. Бүх төрлийн хөгжим тоглож, зураг зурна. Одоо морин хуур тоглож сурч байна. Хүний хийж чаддаг бүхнийг сурах бололцоотой төрснийгөө тэнгэрээс заяасан хишиг гэж боддог. Партизаны сангийн аж ахуйн сумын клубт баян хуур тоглож залуусыг үүр цайтал вальс эргүүлдэг байлаа. Тэр үед сумын клубын эрхлэгч байсан. Уртын дуу дуулж, гитар тоглох дуртай. “Ар хөвчийн унага”, “Дөмөн” зэрэг дууг дуулна. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай ийм л эр явлаа. Хүүхэд байхдаа сахилгагүй байсан. Оюутан байхдаа ч мөн адил. Энэ бүхнээ эргэн санахад сайхан байдаг. Одоо эрийг нас гэгч болж байна даа.

-Бар хэр ээлтэй жил байх бол?

-Бар жилд бүх юм сайхан тэгширч, жигдэрнэ. Чадалтай хүмүүсийн чадал нь үзэгдэж аз жаргалын үүд нээгдэнэ. Хишиг, буян цогцолсон сайхан жил. Үйл явдлын хувьд амжилтаар дүүрэн. Байгалийн хувьд жаахан хатуу байхыг үгүйсгэхгүй.

-Юу гэсэн үг вэ?
-Буян хишгээ гуйж заяагаа даатгах ёстой тэнгэртэйгээ бид тэрсэлдэж байна шүү дээ. Тэнгэр рүүгээ буудаж байгаа нь нууц биш. Ингэж болохгүй. Дээд тэнгэрээ шүтэж, байгалиа хайрлах ухааныг бөөгийн мөргөлд сургасан байдаг. Үүнийг манайхан мартаж байгаа нь даанч харамсалтай.

-Яруу найрагчид ганцаардлын талаар их шүлэг бичдэг. Ингэхэд Та ганцаарддаг уу?
-Миний хажууд олон онгод явдаг учраас намайг ганцаардуулдаггүй. Тэдэнтэй цаг үргэлж харьцдаг учраас ганцаардлыг мэдэхгүй ээ.

-Нууц биш бол ямар араншин Танд түлхүү заяасан бол?
-Хайрлах, уярах уяхан сэтгэл надад дэндүү их заяасан. Энэ нь бөө хүний араншин байж болох юм. Зарим хүний сэтгэлийн зовлонг сонсоод эрхгүй нүднээс нулимс урсдаг. Энэ байдлаа зарим найздаа хэлэхээр “Ийм том биетэй байж уйлдаг гэж үү” гэж намайг цаашлуулдаг юм. Уяхан сэтгэлд биеийн том, жижиг ямар хамаа байна. Тийм биз дээ.

-Cap шинийн гоёлоо базаасан уу. Ямар өнгийн дээл өмсөх вэ?
-Cap шинээр өмсөх дээл бэлэн. Надад олон дээл бий. Монгол ёсоороо цагаан сараа хийнэ. Энэ жил хөх өнгийн дээл өмсч золгуут хийнэ.

-Нумын тухай бүтээл туурвиад завгүй байгаа юм уу даа?
-Нум сумын чиглэлээр үйл ажиллагаа явуулах шинэ байгууллага бий болох гэж байгаа юм уу даа, миний ойлголтоор. Түүнд намайг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон. Нум сум гэдэг нь бөө хүний сахиус, шүтээн. Хэнгэрэг дотроо бөө нум сумтай явдаг юм. Тэр нь хараал, хатуу юмыг дардаг. Нум сумаар овоглосон зүйлд орсондоо баярлаад нум сум ариусган сэргээх шившлэг бичиж сууна. Сахиус, шүтээн нь болсон нум сумын талаар зөвхөн бөө хүн сайн бичиж чадна. Яруу найраг, уран сайхны аргаар бичиж болохгүй.

-Яагаад?
-…Өдөөл биений эсээтэнгүүд
Өстний дор оноотонгууд”
гэхчилэн бичиж байна. Бөөгийн хэллэг, дом өөрийн хэмжил, хэмнэлтэй байдаг юм. Нэгэнт тэнгэрийн зараал, улаачаар илгээдэг учраас бүгдийг сайхан бичиж өгөөд явуулна.

-Та хэдий завандаа уран бүтээлээ туурвидаг юм бол гэмээр санагдаж байна. Уншиж судлах хэрэг гарна биз дээ?
-Хасаг ном унших хэрэг надад байхгүй. Зөвхөн онгодоор хөглөгдсөн зүйлээ л бичдэг. Хажуунаас гурав дахь хүн хэлээд, яриад байдаг. Тэнгэрийн зарлигийг дамжуулах үүргээ гүйцэтгэж байгаа минь энэ. Цаад утга учир нь онгодтой холбоотой юм.

-Сайн явахын тулд хүн яах ёстой вэ. Өдөр болгон биелүүлж болохуйц зөвлөгөө хэлж өгөөч?
-Бүгдийг сайхнаар санаж явах хэрэгтэй. Юм бүгдийг цагаанаар сэтгэж, бодож яваарай. Сатгэлдээ муу юм үлдээж огт болохгүй. Хүнд муу юм санаж, хүнийг муу хэлэх нь хүнд өөрт нь муу. Хүний оюун ухаан тэнгэрээс ирсэн хишиг учраас муу энерги хадгалах нь аливаад хорлогдоход амархан. Цагаан цайлган сэтгэлтэй хүнд ямар ч хэл ам хүрэхгүй. Сэтгэл цэвэр байвал бие эрүүл байдаг юм. Өвчний шалтаг, шалтгааны эхлэл нь сэтгэл, гэдгийг мартаж болохгүй. Цайлган бодолтой хүн заавал бөө, ламаар явах ч хэрэггүй. Өөрөө өөрийгөө ариусгаад сайн явдаг юм. Янз бүрийн хэл, ам хараал хүрэхгүй. Сэтгэлээ ариусгаад явбал ажил үйлс, амьдрал бүх зүйл сайхан болдог. Үүнийг цаг ямагт санаж явах учиртай.

-Сайн явах санааных гэдэг биз дээ?
-Зөв тусгаж авч байна. Сэтгэлийн сайхнаар амьдралаа туулбал есөн хүсэл биелнэ. Үүнд битгий эргэлзээрэй.

Б.Даариймаа

No comments:

Post a Comment