Tuesday, August 24, 2010

Д.Бямбадорж: Бөө дээд тэнгэр, өвгөдийн сүнс, онгодтой ярьдаг учраас хэдэн үеийн түүхийг ч хэлж чадна.

Ард түмэнд “Төрийн зайран” хэмээн өргөмжлөгдсөн Олхонууд овгийн Дондогийн Бямбадорж нь үндэсний язгуур шүтлэгийг дахин сэргээж, бадруулахыг зорьж тэр үйлстээ авъяас чадлаа дайчлан зориулж яваа нэгэн.

Тэрээр сүүлийн үеийн төрийн томоохон ёслолд идэвхтэй оролцож, эртний онголиг шүтлэгийн ёсыг харуулж байгаа юм.


Монгол бөө, удган бол монголын яруу найргийн гал голомтыг анхдагчдын нэг бөгөөд бөөгийн яруу найргийн монгол шүлгийн сонгодог арга хэлбэрийг бүрдүүлсэн загвар нь юм. Тухайлбал, толгой сүүл холбох, айзам гишгэгдэл тааруулах, аялга өргөлт жигдрүүлэх зэрэг “нарийн тохиргоог” бөөгийн дуудлага, даллага, зүхлэг болон бусад төрөл зүйлд өөгүй сайн хийдэг уламжлалаас эх үүдсэн ажээ. Тэр нь дүнгэр гэдэг тал хэнгэргийн цохилго, бөөгийн цамнал бүжгийн үсрээ, дэврээгээр уялдсан, хонгинуурын жингэнээгээр найрссаны бэлэгдэл юм.
Зайран Д.Бямбадорж дээрх нарийн уламжлалыг өвлөн эзэмшээд зогсоогүй, бөөгийн яруу найргийн санд шинэ уг, ойлголт, шинэ төрөл зүйлийг бий болгож “Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” номондоо үүнийгээ тусгажээ. Энэхүү ном нь уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан. Түүнтэй шинэ ном болон, бөө мөргөлийн талаар ярилцлаа.

-  Таны номын гол утга учир юунд оршиж байна вэ?
-  Миний номын гол санаа Монголчуудын оюунлаг үзэл, байгалиас үлдээсэн удамшил, тэнгэр шүтлэг, бөө мөргөлтэй холбоотой юм. Монголчуудын хүчирхэг байсан нь мөнх тэнгэрийн дор тэнгэртэйгээ харьцаж бөө мөргөлтэй байдагт оршино. Бөө   мөргөл   ямар   ч   улсын шашинтай харшлахгүй, өөрийн онцлог мөнх тэнгэрийн бөө мөргөлөө дагаад бие даасан шашин юм. Буддисст, лал, христосстой холилдохгүй, тэдгээртэй ч тэрслэхгүй, өөрийн онгодоороо хэлж, бичсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд судлаачид тэгсэн байж,   тийм заншилтай гэж бичдэгээс арай өөр. Бөө бол дээд тэнгэртээ өвгөдийн сүнс, онгодтой ярьдаг учраас хэдэн үеийн урьдах, хойшохыг хэлж чадна. Ийм учраас миний номонд
Тэндээс хэлсэн үү,
Тэнд харсан уу
Тэр л юмтай хэлцэнэ
Тэрлэж бичсэн учир ану гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр юм гэж онгодыг хэлж байгаа юм. Мөн миний номонд ээж мод, ээж хадны дуудлага, Сутайн дуудлага, Бурхан Халдуныг тахих бөө мөргөлийн ёс болоод бөөгийн тухай олон зүйл бий. Түүнчлэн би өөрөө үгийг нь бичсэн 20 гаруй дуу багтсан. Ээж мод, Ээж хад, Даян дээрх гурван газрын хүйн холбоотой. Даян дээрх, ээж хад, ээж модон дээр очоод дуудлага дуудах үед аль нь ч, яг нэг чанартай. Дэлхийн газрын хүйн холбоо гэж байдаг. Ээж хад уруу жил бүрийн таван сарын гучинд очдог. Харин Ээж мод руу жилдээ хоёр удаа очдог юм. Ханш нээх үеэр болон намрын дунд сарын арван долоонд очиж, бөөлдөг. Ингэхдээ нутаг ус,хүн малаа даатгаж төр түвшин, түмэн амгалан байлгахын төлөө бөөлж, дуулддаг. Энэ нь зан үйлийг байнгахийдэг, бөөгийн шүтлэгтэй газрууд юм.

-  Таныг далай багшийн өмнө  бөөлж байсан  гэж сонссон?
- 1999 онд бид Чойжамц хамбатай, Энэтхэгт Далай ламын урилгаар очиж бөөлж байлаа. Далай ламын урд Монголчуудаас Батбаяр удган бид хоёр л бөөлж байсан. Энэ бол түүхэн явдал юм. Олон шашинтай газар очиж бөөлнө гэдэг их том гавъяа.
Энэтхэг маш олон шашны урсгалтай юм байна лээ. Манай будцизм Энэтхэгээс гаралтай шүү дээ. Далай багш дээрх уулзалтыг зохион байгуулсан болохоор Төвдийн 108 лам дөрвөн эгнээ болон суугаад, ном хурж нээлтийг эхлүүлсэн. Учир нь дөрвөн урсгал байдаг юм байна лээ. Эхнийх нь манай шарын шашны лам нар байсан. Харин тэдний бумбын шашин бөөтэй их адилхан санагдсан.
Шашны талаар их агуу улс гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Гэвдээ Далай багш Монгол бөө мөргөлийг их ойлгож, хүндэлдэг хүн байна лээ. Д.Чойжамц хамба орж ирээд тайлбарла гээд, далай багш хүн бүгдтэй гар бариад, намайг бөө гэсэн юм байлгүй. Тэгсэн далай багш миний гарыг нилээн удаан барьж байснаа, хөтөлж аваачаад хоёр суудлын нэг дээр суулгачихлаа. Чойжамц хамба тэндээс намайг тохиж харагдлаа. Тэгэхээр нь би очоод суучихав. Тэгээд орой бид юм ярьж сууцгаалаа. Тэгсэн Д .Чойжамц хамба, та яагаад Далай багшийн суудлын зэрэгцээ суучихаж байгаа юм бэ гэж асуулаа. Үгүй би өөрөө суугаагүй шүү дээ. Далай багш болохоор бөөгийн шашин бол бүх шашны эцэг шашин, бүх шашин бөөгөөс үүдэлтэй. Эхнээсээ галаа тахиад, газраа аргадаад, тэрнээс өөрийн тахилга шүтлэг санаа агуулж байдаг. Түүнээс анх шашин үүссэн гэдэг утгаараа намайг эцэг шашин гэж хүндлээд дээр суулгасан чинь, Чой хамба болохоор намайг, энэ хүн ер нь ямар танхай хүн бэ тэнд яагаад суучихав гэж бодсон гэсэн. Дараа нь бөөн инээдэм болж билээ. Далай багш бол агуу хүн л дээ.

-”Хөвсгөл”-ийн тахилгыг олон омгийн бөө нартай хийж байсан гэсэн. Тахилгыг хаанаас зохион байгуулсан бэ?
-Герман улсаас “овоо” төсөл гэж явуулдаг юм. 2003 онд зуугаад жил тахиагүй байсан Хөвсгөл далайн тахилгийг таван омгийн бөөг удирдаж, Дархадын зайран, Буурай удган, Балжир, Балжинням зайран, цаатан Ганзориг, Буриадын Галбадрах гээд бөө нартай . очиж, бөөлөн ёсөн цагааныг бэлэгдэн, ёсөн цагаан хадаг, ёсөн мөнгөн загас, ёсөн алтан загасаар өргөл өргөж далайг баясгаж байсан. Тахилгын үеэр гадаадаас хориод хүмүүс ирж, үзэн дэлхийн нийтийн том хэмжээний ёслол болсон. Мөн 2005 онд Германы Боннын дэргэдэх хотод. Монгол овоо тахилгын зан заншлыг харуулсан овоо тахилгахийсэн. Ирэх жилээс тэнд таван тивийн тэнгэр шүтлэгтэн бөө нар очиж их тахилга хийнэ.

-Германчууд манай бөөгийн шашныг их сонирхож байна уу?
-Дэлхий нийтээрээ Чингис хаан, бөө мөргөл хоёрыг салшгүй холбоотой гэж үздэг. Учир нь Чингис хаан өөрөө бөөгийн мөргөлтэй хүн байсан. Их сонин юм байна лээ. Очсон газар бүрт Чингис хааны тухай эхэлж асуудаг. Түүний дараа бөө мөргөлийн тухай асууж байлаа. Герман улс манай бөөгийн шашин болон Чингис хааныг их судалдаг. Чингис хааны тухай түүний байлдан дагуулж байсан үе, Монголчуудын зан үйлийн тухай бүхэл бүтэн таван давхар барилгат дан музейг гаргаж нээсэн нь гайхамшигтай байсан.

-Таныг төрийн зайран гэдэг. Энэ тухайд?
-Монголчууд дөрвөн жилд нэг удаа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгодог. Улсын ерөнхийлөгч байна гэдэг, дээд мөнх тэнгэртээ, түмэн олноо жаргалтай, төр түвшин байлгана гэж бөөгөөр дамжуулан тэнгэрт хэлдэг. Энэ зан үйлийг Н.Багабанди ерөнхийлөгчийн үеэс эхлэн тэнгэрт түмэн олноо даатгасан. Дараа нь Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй “Бурхан Халдун” уулыг тахиж, тэнгэрт түмэн олон, төр түмнээ даатгасан. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор гурван их оргилын том тахилгад оролцсон.

- Төрсөн нутгийнхаа уул, усыг жилдээ хэд тахидаг вэ?
-Нутгийн уул, усаа гурван жилд нэг очиж, Сутай-Хайрхан, Наран-Хайрхан, Хан Хөхий уулуудыг тахидаг. Сутай хайрханыг хоёр ч удаа тахиад байгаа. Таван багийн тахилга гэж Сутай хайрханыг тахисан. Энэ жил нутаг уруугаа явж Наран хайрхан, Сутай хайрханаа тахих бодолтой байгаа.

-Бөөгийн шашин бусад шашнаас юугаараа онцлогтой вэ?
- Ардчилалын үед бүх шашин чөлөөтэй болсон. Бөө мөргөлийн талаар бол Монголчуудын оюунлаг байдал, дэлхийг эзэлж байсан их хүч, түүнийг эзэн Чингис хаантай холбон дэлхий нийтээрээ биднийг сонирхож байна шүү дээ. Монголчууд тийм цөөхөн байж, яагаад дэлхийн талыг эзлэв гэж дэлхийн хэмжээнд хүмүүсийн сонирхол татаж, монгол хүний оюун ухаан, тэр тэнгэрлиг чанар нь мөнх тэнгэр, бөө мөргөлтэйгээ холбоотой юм гэж ойлгож байгаа. Бөө мөргөл бол Монголчуудын бодлын шашин. Шарын шашин бол бодлогын шашин. Манжаас Автай сайн хаан, юмуу манай бага хаадуудын үед оруулж ирсэн бодлогын шашин гэж ойлгодог. Гэхдээ аль ч шашинд сайн тал байдаг. Сайхан сэтгэлээр, сайн сайхны төлөө шашин номоо зориулж, хүнийг зөв талаас нь хүмүүжүүлдэг гэдэг утгаараа шашин бол өөр өөрийн гэсэн онцлогтой. Бөө мөргөлийн хувьд аль ч шашинтай харшлах, тэрслэх юм байхгүй.

-Бөөгийн далд хүч хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Шинжлэх ухаанд бол далд хүчин чадлыг сайн судалж мэдээгүй. Байгалийн далдын хүч, хувь хүвд өөрт байгаа далдын хүч, нэмэх хасах энерги байгалийн зохицолтой. Тэр талаараа бөө мөргөл далд хүчийг нэн эртнээс хөгжүүлж ирсэн. Хүнийг эмгүйгээр эдгээх, хүний сэтгэл санааг засах, өвчнийг эдгээх, сайн сайхан явах эх үүсгүүр, шалтаг шалтгааныг бөөгийн зан үйл, эм тариагүйгээр хийдэг. Тэр шалтаг, шалтгааныг заслаар эдгээж, сайхан болж байгаа хүмүүс бусдад хэлж, үнэхээр Д.Бямбадорж зайран олон хүнийг архинаас гаргачихлаа, яр шархыг эдгээчихлээ, гал голомт сэвтээд үхэл зовлон учраад байхад гал голомт тахиад сайхан болгочихлоо гэх зэргээр хүнд өгөөжтэй байх юм бол бөөгййн нэр хүнд өсч, утга учир нь илэрч байгаа хэрэг л дээ. Үүгээрээ давуу тал нь харагддаг болов уу. Энд архинаас гаргасан хүмүүсээ нэг хэсэг бичдэг байлаа. Над дээр арван найман аймгаас хүмүүс ирдэг. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг шиг хүнийг ойлгуулж, ухааруулж, тэр шалтгааныг нь хөөж, тэрнээс үүдэлтэй бүхнийг нь дарж чадах юм бол ямар ч өвчинг эмгүйгээр эмчилж болно.

-  Манайд шашны олон урсгал орж ирэх боллоо. Энэ талаар юу гэж боддог вэ?
-  Шашны урсгал олон янз л даа. Энэ бүгдэд төрийн бодлого   байх   хэрэгтэй. Тухайлбал, бөө мөргөлд бол төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Тэр бүгдийг судалж мэдэх, өөрөөр хэлбэл цөөхөн тооны монголчууддаа язгуур үндэсний шашинг суулгаж өгөх ёстой. Үндсэрхэг үзэлтэй байж тусгаар тогтнолоо авч үлдэнэ үү гэхээс шашин бүрт ороод, тэнд дагаж баясаад байх юм бол улс үндэстний хувьд тийм сайн хэрэг биш.

-Сүүлийн жилүүдэд бид онгон дагшин байгалиа дэндүү сүйтгэж байна. Байгальтайгаа байнга харьцаж байдаг бөө хүний хувьд энд юу хэлэх вэ?
-Чингисийн Монгол гэдгээ хэлээд дуугаа дуулаад, хөөмийгөө хөөмийлөөд , домбо, тогшуураа тогшоод явах юм бол дэлхий нийтээс бид далан үедээ ч хоолоо олоод идчихнэ. Заавал газраа худалдаад, гал усаа самраад байх хэрэг байхгүй шүү дээ. Бид бол тоогоор цөөхөн ч баялаг нутагтай уужим сэтгэлгээтэй ард түмэн. Миний ганц эмзэглэж явдаг зүйл бол газар худалдах асуудал. Монгол хүн монгол хүндээ газраа худалдах, газрыг өмчилнө гэдэг бол маш буруу. Үүнээс л хамаг асуудал үүсч байна. Их хаадуудын үед ямар ч газрыг өмчилж өгөөгүй. Монгол орон бол тэр чигээрээ л чиний газар. Чамд тасалж өгөх юм байхгүй. Чиний үр хүүхдүүдэд үлдээж байгаа юм шүү гээд. Харин одоо тасалж өгөөд, олон зуу хуваагаад, сүүлдээ байлдаад, хярамцаглаад, эцэст нь монгол гэж байхгүй тарах гэж байна шүү дээ. “Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн Модун хааны үг бий. Улс орныг тарааж байгаа хамгийн гол асуудал бол газрын асуудал юм. Монголчууд социализмын үед, чи ногоо тариа, засгийн газрын ордон дээр л битгий тариарай. Бусад дээр нь тариарай гээд байхад тарьдаггүй, малаа маллаад, махаа идээд, айргаа уугаад л явж байсан. Тэгсэн одоо хуваагаад өгөхөөр нь гадаадынхан орж ирээд худалдаад, идээд, түүгээрээ ч хийж бүтээсэн юм алга байна шүү дээ. Энэ дээдсийн өгсөн сайхан юмыг тарааж, газрыг хувьчилна гэдэг бол утгаггүй. Тэгээд дээрээс нь уул усаа сүйтгэж, хүний гарт өгнө гэдэг бол, сайхан уул, усыг минь гадаадынхан чинь бужигнуулаад алтыг нь аваад, лус савдгийг нь хилэгнүүлээд л, онгон байгаль минь хүртэл олигтой болохгүй, олон түмэнч доройтоод байна. Хамаг бүх зүйл эндээс л эхэлж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас газрыг өмчлөх асуудал бол байж болохгүй. Ялангуяа гадаадын хүнд газар өмчилж өгч болохгүй.
Үүнээс болж лус савдаг, уул ус хэлэгнэж байгаа. Энэ хилэгнэлийн үрээр нутаг орон мааь цөлжиж, улс үндэстэн доройтож устана. Социализмын үед их сайхан байсан шүү дээ. Ингэж яривал намайг бүдүүлэг хүн гэж хэлэх байлгүй. Яагаад гэвэл монголчууд зах хязгааргүй амьдарч байсан үе. Зэлтрийн сангийн аж ахуйд атар газрыг эзэмшиж байлаа. Хилийнхээ дагуу, нутгаа эзэмшдэг байсан. Гэтэл тэр улсууд чинь бүгд хотод шавчихлаа шүү дээ.Эндээс болж газар нутаг эзгүйрч байна. Газар нутгаа эзлэх, эзэмших ухаан төрөөс заяадаг. Түүнчлэн уул усаа хүндэл, бөө мөргөлөө шүтэж, өөрийн шашин шүтлэгээ дээдлэхэд төрийн бодлого яах аргагүй чухал. Өөрөөр хэлбэл бөөгийн зан үйлээр төрийн хар, цагаан сүлдэнд жилдээ нэг тахилга хийдэг. Энэ тахилга тайллагыг нь таван тивийнхэн ирж сонирхдог шүү дээ. Тийм сайхан бэлэн оюунлаг, гэгээлэг дэлхий нийтээрээ сонирхсон ажлуудыг хийж байх хэрэгтэй. Уул усаа самардаж биш, нефт баялаг хэдэн толгойгоо худалдахын оронд бэлэн байгаа оюунлаг зүйлүүдээ нээж, дэлхий нийтэд танилцуулах хэрэгтэй. Тэдний сонирхлыг нь татахуйцаар Чингис хааны төрсөн газарт очиж хар сүлд, цагаан сүлдийг яаж цэнгүүлдэг юм байна, Чингис хаан уулаа яаж тахидаг байсан юм гэдгийг дэлхийд таниулах хэрэгтэй байна шүү дээ. Ингэж дэлхий нийтийн анхаарлыг татаж чадвал, бидэнд хоол бэлэн байна. Хамгийн гол нь өөрийн гэсэн монгол санаа байх хэрэгтэй юм.

-Хойч үедээ өөрсдийн үндэсний зан заншил, шашин шүтлэгээ авч үлдэхэд юуг анхааруулах вэ?
- Өөрийн гэсэн оюунлаг шашин шүтлэг бөө мөргөлөө дээдэлж, тэрний агуу хүчин чадлыг биширч, түмэн олонд таниулахад номоо монгол хэлээрээ уншиж, 99 тэнгэрээ дуудаж, хар цагаан сүлдээ тахиж, бөө мөргөлийн агуу сайхан утга санаа яруу найраг, монгол ухааныг хэлж, ярьж шүтэж байх юм бол бид гэгээрнэ. Үүнийг бодох хэрэгтэй.
Бөө гэдэг чинь эртний байгальтайгаа холбоотой хүмүүс юм. Ер нь дэлхий нийтээрээ бөөгийн талаар их сонирхдог. Бөөгөөс шашин үүссэн гэдэг болохоор энд тэнд явж байхад хонх, хэнгэрэг барьсан мөртлөө бөөгийнхөө учир утга, шалтгааныг мэдэхгүй хүмүүс ирээд танилцаж олон зүйл асуудаг юм.Би Германд нэг овоо босгосон л доо. Бүтэн сайн өдөр байнга хүнтэй байдаг болсон гэсэн. Монголын зайран тэнгэрийг газартай холбосон овоо гэж ойлгодог гэнэлээ. Овоон дээр хөгжим тоглож, сэтгэл санааны юмаа хэлж, шүтэж, байнга цугладаг гэсэн.

-Таныг зорьж өдөрт хичнээн хүн ирдэг вэ. Хүмүүс ямар асуудлаар ирж үзүүлдэг вэ?
-Одоохондоо суурин байна. Зургаан сар гаргаад Германаас хүмүүс ирнэ. Тэгээд Элсэн тасархай болон тахилгатай газруудаар явна.Намайг зорьж өдөрт гуч, дөчөөд хүн ирдэг дээ. Ирж байгаа хүмүүс архины бузар болсон, ажил үйлс нь бүтэхээ байсан, өвчин зовлон салдаггүи, хэл амны гай болсон, ажлаа бүтээх гэсэн хүмүүс л ирдэг дээ.

-Хэл ам гэдгийг та юу гэж тайлбарлах вэ?
-Хүний арьснаас гадна долоогоос есөн давхар бүрхүүл байгаа юм. Тэр бүрхүүл нь хэл амнаас, хэрэг төвөг, элдвийн юмнаас хамгаалж байдаг. Бүрхүүл нь цоорохлоор биеийн хэсгийн элэг, зүрх, бөөр зэрэг элдэв юм нь өвдөнө. Тэр бүрхүүл чинь бүтэн байж чадвал гаднаас хэрийн юмыг авахгүй. Энэ бүхний бие, сэтгэлийг засна. Шалтаг шалтгааныг нь засдаг. Энэ хүн юунаас болсон байна, идээ идээд бузартсан байна уу, хэл амны гай болсон байна уу, элдвийн муу юм хүрсэн байна уу, зэрэг шалтаг шалтгааныг нь алсуур арилгаад өвчнийг нь арилгаж өгч, эдгээдэг. Шинжлэх ухаанд антибиотик, физикийн чанартай юмаар эдгээдэг бол, бөө гэдэг бол хүний сэтгэлийг засдаг.

- Бөө хүн хэдэн онгодтой харьцдаг вэ?
- Хэд ч байж болно. Энэ гэрт найм ёсөн онгод байна. Хажуу гэрт 33 онгод байна. Шаардлага гарвал тэр бүхэнтэй ярилцана. Бөө хүн санасан бодсоноо онгодтойгоо ярилцаж байж заслаа хийдэг.

-Таны удамд бөө хүн байсан уу?
- Манай ээжийн талд бөө, удган хүн байгаагүй. Манай нагац Ванчиндорж гэдэг бөө хүн байсан. Манай нутгийнхан нэрийг нь хэлдэггүй, банди гэж дууддаг байв. Тэр хүн  бөөгийн талын мундаг чадалтай хүн байсан. Адуу мал алдах, аливаа юманд явахад  тэр   ноёнд   очиж хэлдэг. Манай дээд овгийн бөө “та нар тэдэн өдөр, тэдэн шөнө морьтой тэгж яв. Тэгээд уулзанаа л гэдэг”. Морь малаа тууж яваа хулгайч нар нь тушигдчихсан, өөрөө ч мал нь ч явахгүй болчихсон байж байдаг. Тэр бол байгалиас заяасан но-мын хүч юм л даа. Тэнгэрээс, байгалиас заяасан хүч гэж бий. Ховсын аргаар, холбох аргаар явж байгаа оготоно явж чадахгүй болчихож байна. Байгаль амьтанд тийм юм заяаж байхад цөөхөн хэдэн хүнд мэдрэмж, энерги хайрладаг. Тэр дундаа бөөгийн талд арай илүү хайрласан байдаг. Шарын шашинд тэдгээр хүмүүсийг хувилгаад гэдэг. Үнэн чанартаа хувилгаан гэдэг бөөгийн л улсууд шүү дээ.

-Та хэзээнээс онгодтойгоо харьцаж эхэлсэн бэ?
Намайг төрөхөд гэрийн баруун талаар могой орж ирсэн. Би гарахад, могой ч гараад явсан. Манай буурал аав лустай хамт төрж байгаа юм байна гээд сүү өргөөд, түмпэн нүдсэн гэнэ лээ.
Бөө хүн дараагийнхаа бөө болох хүнийг шинждэг. Хичнээн хүүхэд нь байлаа ч гэсэн цаанаа залах эрдэмгүй бол бөө болгодоггүй. Нагацыг сэрүүн байх үед айхтар өвдлөө. Өвчин зовлон ороогоод салдаггүй байсан. Нагац маань шившлэг, дом хийснээс хойш сайхан болсон. Бөөгийн юм гэдэг заавал юм авах гээд байдаг шүү дээ. Их сонин шүү.
Оюутан байхад нагац ах минь надад онгоныхоо сүнсийг ноосонд шингээж өгч байсан. Одоо ч түүнийг хадгалж байдаг юм. 

-Хүүдүүдээс чинь таны угийг залгах хүн бий юу?
-Миний удам угийг залгах удган охин минь гарч ирсэн. Охиныг минь Энх-Оюун гэдэг. Хүмүүс ам сайтай байдаг. Хүний юмыг хэлж, зан үйлийг нь хийж өгнө. Надтай хамт Солонгос, Хятад, Герман уруу их явсан. Бөөгийн зан үйлд нэлээд суралцсан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
 
Эх сурвалж: О.Алтанцэцэг /www.sonin.mn/

No comments:

Post a Comment