Wednesday, August 18, 2010

Төрийн Зайран Д.Бямбадоржийн бөөгийн ёслолын яруу найраг

 Тэнгэрийн шүтлэг нь хүн-байгалийн холбоо, элэнц дээд­сийн сэтгэл хүсэл, эрхэс тэнгэр, газар устайгаа мөн­хийн уялдаатай гэсэн тахилга шүтлэгийн өвөрмөц онцлог­той. Турк-Монголчууд, мон­гол­чуудын тэнгэрийн шүтлэг нь байгаль-ертөнцийн аугаа хүчинд шүтэж аливаа зүйл­сийг бүгд амьд биет гэж үзэн тэдгээрт эелэг энэрэнгүй харь­цаж, залибарч иржээ. 

Тэнгэрийг тахиж шүтэх нь хүмүүн бие байгалийн нэг хэсэг гэдгийг мэдэрч их эрч хүч, оюун ухааны чадавхийг эзэн тэнгэрээс олж, байга­лийн өөрчлөлт хувьсалд зо­хицон өөр хоорондоо бүх зүйл холбоотойг ухааран, итгэл хүслээ даатган, залбирч ирсэн уламжлалтай. 
 Туркууд, байгаль, дэлхий, тал, нуга, уул, гол, нуур, зэргийг ихэд хүндэтгэж, эд­гээр тансаг бүрдэл, бүгд бурх­ны бүтээл гэж залибарч, шүтдэг талаар судлаач Р.Н.Безертинов бичжээ. 
 Орчин үеийн Монголын түүх, уламжлалт ёс зүй суд­лаачид, тэнгэрийн шүтлэгийн талаар XIII зууны үеийн Мон­гол Тэнгэрийн шүтлэгийн холбоо уялдааг нэлээд тод­руулж тайлбарласны дээр тэдний оруулсан хувь нэм­рийг тодотгожээ. 
 Чингэс хаан, нүүдэлчин Монголын ураг омгийг нэгт­гээд зогсоогүй, "Мөнх Тэн­гэрийн" шүтлэг соёлыг дэл­гэрүүлсэн нь өнөө хүртэл үргэлжлүүлэн ирсэн байна. 
 Тэнгэрийн шүтлэг нь Чин­гэс хааны үед төрийн шашин болтлоо хөгжиж бүх Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин доор амьдардаг бөгөөд энэ шүтлэг үндэстний хувь заяа, хүн бүрийн амьдрал үйлсийг даана гэж үзэж бай­сан. 
 Мөнх тэнгэрийн соёл нь Монголын ахуйд хүчтэй нэв­тэрсэн байв. Монголын ард түмэн, Чингэс хааныг хальс­ны дараа Мөнх Тэнгэрийн Илч болсон хэмээн тэнгэрт залбирах болсоон. 
 Турк-Монголын бөөгийн шашныг гадаад, дотоодын шашин судлаачид хамгийн эртний гэж үздэг. 
 Орос-Буриадын судлаач Банзаров "Хар сүсэг бишрэл буюу Монголын бөө"-гийн тухай томоохон бүтээл туур­вижээ. 
 1982 онд В.М.Михай­ловс­кий "Бөөгийн тухай" XX-XXI зуунд хамаарах томоохон бүтээл гаргасаан. Мөн Н.Л.Жуковская, Г.Р.Галда­нова нарын Монгол-Буриадын ламын шашнаас өмнөх үеийн тухай бүтээлүүд байдаг. 
 Буриадын судлаач Д.С.Ду­­­га­ро­вын судалгааны бүтээлд "Цагаан бөөгийн" шүтлэгийн түүхийн үндэс­лэлийг гаргасан байдаг. 
 Б.Н.Басилова, А.В.Смолк нар бөөгийн шашны адил болоод ялгаатай асуудлуудыг өөрсдийн бүтээлдээ харуул­жээ. 
 Ю.И.Дробышев тэнгэрийн шүтлэг ба бөөгийн олон талт үйл ажиллагааны ижил төстэй асуудлаар судалсан байна. 
 Монголд XX зууны 90-ээд оны үед гарсан социалист эдийн засаг ба улс төрийн өөрчлөлтийн нөлөөгөөр ард түмний дунд ухамсарт шаш­ны зан үйл сэргэж, сүм хийд, дацан, бөө мөргөлийн газрууд нээгдэж, дотоод, га­даадын олон улсын хурал болж, "Мөнх тэнгэрийн хүчин" мөргөлийн талаар хэл шин­жээ­чид, психолог­чид, филосо­фичид, түүхчид, угсаатны зүй суд­лаачид, ша­шин судлаачид сонирхон судлах болов. 
 2004 онд Улаанбаатар хотод "Тэнгэрийн бөө мөргөл" судлах олон улсын нийгмийн академи байгуулагдав. Сүү­лийн үед уламжлалт шашны зан үйлтэй холбогдсон эрдэм шинжилгээ практикийн бага хурал, семинар зохиогдож эрдэмтэд судлаачдын (С.Ду­лам, Ч.Далай, Г.Гэрэлбаатар, Р.Рэгзэндорж, Н.Нагаанбуу, Н.Ням-Осор, Д.Бямбадорж, О.Пүрэв, Д.Хүү, Т.Намжил, Л.Алтанзаяа нар) бүтээлүүд гарав. 
 Монголын дундад зууны уран зохиолд бөөгийн ша­ш­ны бүтээл голлох хувийг эзлэж байсан.  
 Академич Ц.Дамдисүрэн XV-XVII зууны бөөгийн ша­ш­ны талаар судалгаандаа 2 үндсэн зарчим байсныг дурд­сан байна. Үүнд:  
 1.Бөөгийн уран зохиол нь аман ба бичгийн хэлбэрээр гарч байсан.  
 2.Бөөгийн уран зохиол монгол хэл дээр гарч байсан. 
 Бөөгийн эдгээр бүтээлүүд нь аман зохиолтой салшгүй холбоотой байсан бөгөөд шүлэг, яруу найргийн хэл­бэрээр бичигдэж байжээ. Монголын шашны холбог­долтой аль ч ном зохиол нь Монгол үндэсний онцлогийг хадгалсан байдаг бөгөөд ард түмний дунд аман ярианы хэлбэрээр тархаж байсан. 
 Оросын судлаач, про­фессор Л.К.Герасимович, Монгол бөөгийн уран зохиол нь үндэсний өнгө аястай бөгөөд дундад зууны үеийн Монголын соёлын үнэтэй, сонирхолтой чухал материал болдог тухай бичжээ.  
 Академич Д.Цэрэнсодном Бөөгийн шүтлэг, дуудлага нь Монголын уламжлалт аман яруу найрагт чухал байр эзэлдгийг тэмдэглэжээ. Мон­го­лын бөөгийн үйл ажил нь эрт дээр үеэс уламжлагдан өнөөд­рийг хүртэл эртний соёл, яруу найргийн олон төрөл хэлбэрээр бичигдэн ирсэн бөгөөд түүнд гуйлт, залбирал, магтаал, бишрэл, айдсыг зайлуулах зэрэг өр­шөөл, хүлцлийн бүх зүйл багтдаг.  
  Монголын орчин үеийн яруу найрагч Ш.Сүрэнжав, Л.Түдэв нар бөөгийн шүлэг нь өөрийн гуйлт залбирал байдгаараа хувийн бүтээлтэй адил төстэй хэллэгтэй бо­ловч, уран сайхны хувьд бөө бүрийнх нь өөр өөр байдаг тухай бичсэн байна. 
 ХХ зууны сүүл, ХХI зууны эхний бөөгийн яруу найрагт Дондогийн Бямбадоржийн бүтээл зүй ёсоор орж өөрийн байр сууриа эзэлж байна. 
 Д.Бямбадорж нь 1946 онд Дарви суманд малчин ард Дондогийн долоо дахь хүү болж төрсөн. Эхийн тал нь Өэлүн ээжийн ураг Олхонууд овгийн үр сад юм. Д.Бям­бадорж нь Монгол Улсын төрийн өргөмжлөлт "Зайран" болж, бүх төрлийн бөөгийн болон ламын шашны ёслолд оролцон ажиллаж байна. Д.Бямбадорж 1999 онд Чингэс хааны одонгоор шагнагдсан. Энэ бүх гавьяагаа Д.Бям­бадорж гуай Мөнх Тэнгэрийн ивээл, хишиг гэж хэлдэг. 
 Д.Бямбадорж өнөөдөр, Монгол Улсын төрийн өргөмж­лөлт "Зайран", "Тэнгэр суд­лалын олон улсын академийн "Хүндэт доктор", хэд хэдэн яруу найргийн бүтээл ном зохиолоо хэвлүүлсэн яруу найрагч юм. Тухайлбал: 
...Хүчит дээдсийн мөнх тэнгэрээс
Хүйн холбоо амь нэг­тэй би
Уйлах баярлахыг зэ­рэгцүүлэн
Уужим орчлонд төрсөн юм.
Хойч үедээ залгам­жил­сан
...Уг барьсан бөө мөр­гөлтэй
Удам дамжсан хөх тол­ботон
Хаш эрдэнэ хөргийн өвлөж
Хас төрдөө мөргөхөөр ирсэн билээ.
 "Бөө хүний үүрэг нь дэл­хийн хүн төрөлхтөн, тэдгээ­рийг үзэл бодол хүслийг дээд тэнгэрт холбогч улаач байдаг" гэжээ. 
 Монгол тэнгэр шүтлэгийн уламжлалд Бөө, Удган, Зай­ран гэдэг нэрээр алдаршдаг бөгөөд Бөө-эрэгтэй, Удган-эмэгтэй бөө юм. Харин Зай­ран нь өндөр зэрэглэлийг багтаасан хүндэтгэлийн өр­гөмжит нэр юм. 
 1999 онд Монголд дэлхийн олон улсын бөөгийн V их хурал болсон.Тэнгэрийн хүч­ний тухай уламжлалт төсөө­лөл нь Босоо, Хэвтээ тэнх­лэгийн дагуу бүтэцтэй. Босоо­гоор дээд, доод, дунд гурван үед харагдах, үл харагдах хэсгүүдтэй үелэг давхарга гэж үздэг. Хэвтээ тэнхлэгийн дагууд гурван үеэр, үе бүр нь бурханлаг ба бурханлаг бус сэтгэл зүйн давхаргатай. Тэнгэрийн дээд үеийн хяз­гаар тодорхойгүй бөгөөд хам­гийн дээд хэсэгт тэнгэрийн аугаа их сэтгэл байна. Мөнх Хөх Тэнгэр нь газар дэлхийн ба түүний бүрдэл бүх зүйл­сийг бүтээгч гэж үздэг. Иймд дээд тэнгэрээс газар дэлхийн амгалан тайван байх, өвчин зовлонг арилгаж элбэг дэлбэг, эрүүл мэндийг хүсч залбирна. 
Уужим орчлонд бөө­гөөс өөр байхгүй
...Үнэн тусыг хүргэж чадна
Үйлийн үрийг хөлүүлж чадна
Олонд тусыг хүргэж чад­на
Онцгой хэргийг бүтээж чадна.
 Монгол жил бүр зуны эхэн сард Мөнх Хөх Тэнгэр шүтлэг ёслол хийдэг. Энэ ёслолыг бөө Д.Бямбадорж блтгэж га­зар, байрыг сонгон Тэнгэртээ тахиж, сан тавина. "Сан тавих" үг нь найм, дөрвөн мөртөөр шүлэглэсэн, мөнх тэнгэртээ хандаж, өвөг дээд­сийн хүсэл сэтгэлийг дээдлэн залбирч уул усаа тахиж дөр­вөн мөрт уншлага тутамд шившлэг хийнэ. 
Бөө бөө ондоо ч
Бүгдээрээ тэнгэр шүт­лэгтэн
Заяа тэнгэр нь хардаг болохоор
Залаад тэднийг аваад явна
Оршихуйн дээд тэнгэр
Эс оршихуйн орон хайр­хад тэнгэр
Эст оршихуйн орон лус савдаг
Эзэн дээдэс өвгөдийн сүнс сүлд
Сэр сэр сэр
Хурай хурай хурай
Хамгаалж байдаг мөнх тэнгэр
Харж сахисан хайрхад тэнгэр
Нартай дэлхийд наа­дуулж хайрла
Сартай дэлхийд саа­туулж цэнгүүл
Сэр сэр сэр
Хурай хурай
 Монголын бөөгийн ша­шинд 99 дээд тэнгэртэй, түү­ний 55 нь цагаан, 44 нь хар тэнгэр байдаг гэж үздэг. 
 Бөө Д.Бямбадорж цагаан бөөгийн мөргөлд хамаараг­дана. Энэ нь ламын шашны үйлээс өөр юм. 
 Г.Гэрэлтбаатар, Монгол уламжлалт заншилд 55 цагаан тэнгэрээ дуудаж сайн үйлсийг хүсэн залбирал үйлддэг тухай бичжээ. 
 Яруу найрагч Ш.Сүрэн­жав, Д.Бямбадоржийн шүлэгт 99 тэнгэрийн уран сайхны бүх тусгал, дүр гарсныг онцлон үнэлжээ. 
Арцын утаа үнэртэн­гүүд
Арвайн гурилан сүлд­тэнгүүд
Хий биетэн дагуул­тан­гууд
Хийсч ирдэг гайтан­гууд
Хүүг хүүг хүүг
Хээг хээг хээг
Шоог шоог шоог
Улин хуцах ёртонгууд   
Улаан цусан идэш­тэн­гүүд
Гайт хар тэнгэр­тэн­гүүд
Газарт буусан сүнс­тэнгүүд
Шоог шоог шоог
Гай байвал зайлуулж очъё
Гарз байвал гаргаж очъё
Хүслийг чинь хүргэж өгье
Хүлээсийг чинь ирүүлж өгье
 Д.Бямбадорж нь өөрийн яруу найргийн бүтээлдээ Монголын уламжлалт бөөгийн уран зохиол, ардын аман зохиол ярианы хэлбэрүүдийг гаргаж, Бөө мөргөл, Бөөгийн дуудлага, Тахилгын судар, Сан, Сангийн судар, Даллага, Даллагын судар, Өчиг, Сацал, Дуулал, ерөөл магтаал зэрэг олон төрлүүдээр харуулд­гаараа өвөрмөц онцлогтой. 
 Д.Бямбадоржийн бүтээл нь Монголын дундад зууны үеийн Бөөгийн уран зо­хиол­той салшгүй холбоотой бө­гөөд түүний үргэлжлэл болж, орчин үеийн Монгол соёлын өвийг баяжуулж байна. 
 Монголын бөөгийн шашин төрж, тэнгэрлэг шүтлэг хэл­бэрээ олон хөгжиж эхэллээ. 
 Ийнхүү зайран Д.Бям­бадоржийн зүтгэл хөдөлмөр, бүтээлээр Монголын орчин үеийн уран зохиол, бөөгийн уран зохиолын шинэ үе орж ирлээ гэж үзэх болов. 
Санкт-Петербургийн улсын их сургуулийн дорно дахины салбар
М.П.Петрова
Орчуулсан Ж.Оюун

Эх хувь: http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn

No comments:

Post a Comment